Нийтлэлүүд

Хиалуроны хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Админ2025 оны 02 сарын 12

Хиалуроны хүчил гэж юу вэ?

Хиалуроны хүчил буюу 'Hyaluronic acid' нь чийгшүүлэх чадвараараа 1-т ордог найрлага бөгөөд өөрийнхөө жингээс 1000 дахин их ус чийгийг өөртөө татаж, хадгалах чадвартай байдаг. Тослог, холимог, хуурай, эмзэг, батгатай гээд бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Жижиг молекултай Хиалуроны хүчил нь арьсны гүн рүү нэвтэрч гүний чийгшлийг хангаж өгдөг бол том молекултай нь арьсны гадаргууд бүрхүүл үүсгэж арьсны гүн дэх чийгийг гадагш ууршиж алдахаас хамгаалдаг. Харин дунд зэргийн молекултай нь жижиг, том хоёрыг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэж өгснөөр илүү удаан хугацаанд чийгийг барьдаг байна. Хиалуроны хүчил агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо том, дунд, жижиг гээд аль болох олон төрлийн хэмжээтэйг нь агуулсан байвал ашигтай гэсэн үг юм.

Хиалуроны хүчил нь молекулынхаа хэмжээнээс хамаараад өөр өөр нэршилтэй байдаг тул бүтээгдэхүүн сонгож авахад тань дараах нэршлийн жагсаалт тус болох болно. Хамгийн эхэнд хамгийн том молекултайг нь хамгийн сүүлд хамгийн жижиг молекултайг нь гээд яг хэмжээнийх нь дарааллаар жагсаалаа.

1. Hyaluronic acid

2. Sodium hyaluronate

3. Sodium hyaluronate crosspolymer

4. Hydroxylpropyltrimonium hyaluronate

5. Sodium acetylated hyaluronate

6. Hydrolyzed hyaluronate

7. Hydrolyzed glycocaminoglycans


Хиалуроны хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?:

Хиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг зөв хэрэглэхгүй бол арьсанд чийггүй, хуурай байдал үүсгэж болзошгүй тул дараах зүйлсийг анхаараарай.

  • Нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа чийгтэй байхад нь хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрвээ хуурай байхад нь хэрэглэвэл арьс хуурайшиж, таталдах мэдрэмж төрдөг.
  • Хиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн бол араас нь заавал өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй. Чийгшүүлэх тос хэрэглэсэн ч хуурайшаад байвал илүү өтгөн, oil-ийн агууламж ихтэй тосоор солиорой. 
  • Хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүн буюу серум, ампулнаас нэг удаад 2-3 дуслыг хэрэглэхэд хангалттай.
  • Хиалуроны хүчил нь ус татах чадвартай тул хэт хуурай орчинд хэрэглэвэл эсрэг нөлөө үзүүлж, арьс хуурайшиж болдог.


Хиалуроны хүчлийн талаарх нэмэлт мэдээлэл:

 1. Чийгшил сайн өгдөг найрлага боловч тохирдоггүй олон хүн байдаг. Хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүнийг хэчнээн зөв хэрэглэсэн ч чийгших нь байтугай харин ч эсрэгээрээ хуурай мэдрэмж төрүүлж таталдаж байгаа бол танд Хиалуроны хүчил тохирохгүй байна гэсэн үг шүү.

2. Хиалуроны хүчил агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч таарахгүй хуурайшдаг бол дотроосоо ууж хэрэглэдэг бэлдмэлээр алдагдсан хиалуроны хүчлээ нөхөж болно.

3. Том молекултай хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүн түрхэж хэрэглэсэн үед араас нь түрхсэн Foundation, Cushion бөмбөрч бөөгнөрөх магадлал их байдаг.

4. Hydration, Hydrate, Hyaluronic acid, Hyaluron гэх мэт үгнүүдээс тухайн бүтээгдэхүүний сав, шошгон дээр бичигдсэн байвал Хиалуроны хүчил өндөр хувьтай байх магадлал өндөр гэж ойлгож болно. 

5. Хиалуроны хүчил нь полисахарид нэгдлээр бидний биед нийлэгжиж үйлдвэрлэгдэж байдаг учраас нүүрс усыг хэт хорьсон хоолны дэглэм барих нь бие болоод арьсан дах Хиалуроны хүчил багасахад нөлөөлдөг.


Эх сурвалж: Skincare судлаач

Бусадтай хуваалцах