Нийтлэлүүд

Арьсаа тогтмол гуужуулах ямар ашигтай вэ?

Админ2025 оны 03 сарын 13

Бидний арьс 28 хоног тутамд гуужиж, бүрэн шинэчлэгддэг. Гэвч гадны олон шалтгааны улмаас гуужилт хэвийн явагдахаа больж, хэмнэл алдагддаг.

Энэ үед арьсан дээр үхэжсэн эдийн давхарга хуримтлагдаж, арьс өнгөө алдаж, батга гарч, нүхжилт томордог байна. Харин зөв давтамжтайгаар гуужуулалт хийснээр үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Гэхдээ гуужуулалтыг ХЭТРҮҮЛЭХ, БАГАДУУЛАХ хоёулаа муу нөлөөтэй тул арьсныхаа байдалд тохируулж, гуужуулагчийн төрөл, давтамжийг тохируулаарай.


Гуужуулагч юу хийж чадах вэ?

  • Арьсыг илүү гэрэлтсэн, бүтээгдэхүүнийг илүү сайн шингээж авахад тусалдаг.
  • Арьсны нүх сүв бөглөрөхөөс сэргийлж, батга гарах магадлал багасна.
  • Тогтмол, тууштай гуужуулалт нь коллаген үйлдвэрлэлийг дэмжиж, хөгшрөлт удааширна. 
  • Арьсны байгалийн өнгийг сэргээж, гэрэлтсэн болгоно.
  • Арьсны өнгөн хэсгийн сэвх, нөсөө, сорви арилна.

Гуужуулагчийн төрөл:

Гуужуулагч нь дотроо Химикал, Физикал, Холимог гэсэн 3 ерөнхий төрөлд хуваагддаг.


Химикал гуужуулагч - AHA, BHA, PHA, LHA

Ихэвчлэн серум, тонер хэлбэрээр худалдаалагдаг бөгөөд ширхэггүй, арьсан дээр бөмбөрдөггүй онцлогтой. Арьсны гадаргуу дээр байх үхэжсэн эсүүдийн барьцалдсан холбоосыг салгаж, арьсны гүн рүү нэвтэрч илүү бичил түвшинд ажилладаг. Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан угаах шаардлагагүй нь ч бий. Бага хувьтайгаас эхлэн арьсандаа дасгаж хэрэглэнэ.

Физикал гуужуулагч - SCRUB

Арьсан дээр механик үрэлт өгч гуужуулдаг бөгөөд нунтагласан овьёос, эрдэнэ шишийн үр, давс зэргийг ашиглан хийдэг тул дотроо ширхэгтэй байдаг. Гэхдээ физикал гуужуулагчийг хэрэглэхдээ хүчтэй эсвэл хэт их үрснээс үүдэн арьс эмзэгшин, цочрох аюултай тул зөөлөн хэрэглэх хэрэгтэй. Хэрэв үрэвсэлт батга, эмзэгшилтэй бол химикал гуужуулагч илүү тохирно. Биед зориулсан ширхэгтэй гуужуулагч нь арьсанд бичил зүсэлт үүсгэж, гэмтээдэг тул нүүрэндээ бүү хэрэглээрэй.

Холимог төрлийн гуужуулагч

Энэ төрлийн гуужуулагч нь химикал болон физикал гуужуулагчийг аль алийг нь агуулсан байдаг. Гуужуулагч pad, химикал найрлагатай хэр нь ширхэгтэй гуужуулагч нь энэ ангилалд ордог. Дээрх 2 төрлийн гуужуулагч тохирдоггүй бол холимог төрлийн гуужуулагч хэрэглээд үзээрэй.


Гуужуулалтаа хэрхэн зөв тохируулж хэрэглэх вэ?

Гуужуулалтыг ХЭТРҮҮЛЭХ, БАГАДУУЛАХ аль аль нь муу нөлөөтэй гэж өмнө нь дурдсан шүү дээ. Багадуулах нь арьсанд үхэжсэн эс хуримтлагдаж асуудал үүсгэж эхэлдэг бол Хэтрүүлэх нь арьсны өөрийн хамгаалах давхаргыг нимгэрүүлж, эмзэгшиж, гадны нянд тэсвэргүй болгодог.

Ихэнх гуужуулагчийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой байдаг. Таны арьсанд ямар өөрчлөлт гарч байгааг сайн анзаарч 1 эсвэл 2 гэдгээ шийдээрэй.

Харин бага хувьтай, маш зөөлөн найрлагатай, ойрхон хэрэглэх заалттай гуужуулагчийг ойрхон давтамжтай хэрэглэж болдог.


Гуужуулагч хэрэглэхдээ анхаарах зүйлс:

  • Гуужуулах найрлага агуулсан олон бүтээгдэхүүн нь арьсыг хэт гуужуулж, эмзэгшүүлэх эрсдэлтэй тул гуужуулах үйлчилгээтэй 1-2 бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хүнд хэлбэрийн эмзэгшил, Үрэвсэлт батгатай бол 14-21 хоног орчим гуужуулалтыг түр зогсоох шаардлагатай.
  • Гуужуулалт нь арьсыг наранд илүү мэдрэмтгий болгодог тул оройн арьс арчилгаанд тохиромжтой бөгөөд маргааш нь заавал нарны тос хэрэглэх шаардлагатай.
  • Өөрөө гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч нь чанарын шаардлага хангадаггүй тул арьсыг дордуулах магадлалтай байдаг.

Жич: Ретинол нь гуужуулагч биш боловч арьсны шинэчилж, үхсэн эсүүдийг цэвэрлэх, коллаген үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт гуужуулалттай төстэй үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс ретинол хэрэглэж байгаа үедээ гуужуулагчыг зэрэг хэрэглэхгүй байхад анхаарна уу.

Бусадтай хуваалцах