Нийтлэлүүд

Retinol-ийн зөв хэрэглээ

Админ2024 оны 08 сарын 28

Витамин А буюу Retinol найрлагыг бүрэн зөв хэрэглэж чадвал үнэхээр гайхалтай үйлчилгээтэй бөгөөд илүү эрт мэдсэн ч болоосой гэж бодогдохоор найрлага шүү. Хөгшрөлтийн шинж тэмдгийг хүлээж үүссэнийх нь дараа эдгээх гэж биш үүсэхээс сэргийлж 25+ насны хүмүүс маань хэрэглэхэд илүү тохиромжтой.

Retinol-ийн ид шидээс дурдвал:

o  Арьсны коллаген нийлэгжилтийг идэвхжүүлж арьс чангалж, үрчлээ тэнийлгэх,

o  Арьсны нөхөн төлжилт хурдасгах,

o  Сэвх бүдгэрүүлж арьс цайруулах,

o  Арьсны тослог ялгаралтыг тэнцвэржүүлж батга эмчлэх,

o  Нүхжилт багасгах гэх мэт арьсны бүх цогц асуудлыг шийддэг.


Retinol-ийн талаар хамгийн их төөрөлддөг асуудал гарах тул анхааралтай уншина уу.

Retinol арьсны эсэн дотор орохдоо урвалд орсоор хамгийн сүүлд Retinoic acid хэлбэрт хувирч байж үйлчилгээгээ үзүүлдэг. Хувирах дараалал нь Retinyl palmitate => Retinol => Retinal => Retinoic acid юм.

o  Та Retinyl palmitate гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл 3 шат дамжин Retinoic acid болж шингэнэ. Тэр хэмжээгээрээ арьсанд цочрол өгөх нь бага боловч үйлчилгээ нь удаан илэрдэг.

o  Retinal гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл ганцхан шат дамжлага дамжаад л Retinoic acid болно гэсэн үг. Тэр хэмжээгээрээ нэлээн хүчтэй тогтворгүй хэлбэр тул арьс цочроох боловч үйлчилгээ нь хурдан илэрнэ.

o  Retinol хэлбэр нь энэ хоёрын дундаж мөн элбэг байдаг. Өдөр тутамд 0.1%-1% тайг хэрэглэхийг зөвлөдөг.

o  Харин Retinoic acid хэлбэрээр бол арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад ашиглах нь хориотой байдаг. Эмчийн бичгээр л эмийн сангаас авч болдог байна.

Үйлчилгээ сайтайн хэрээр арьс цочроох эмзэгшүүлэх гээд байдаг тул маш чухал хэдэн дүрмийг ягштал баримтлах ёстой.

o  Retinol гэрэлд тэсвэргүй тул зөвхөн оройн арьс арчилгааны үед л хэрэглэнэ. Хадгалахдаа ч бас сүүдэр газар хадгална.

o  Хүчтэй найрлага тул эхэндээ арьс цочроож эмзэгшүүлдэг. Тиймээс бага хувьтайг 7 хоногт 1~2 удаа л хэрэглэж арьсандаа дасгах хугацаа өгөх хэрэгтэй.

 (Хэрэв хэрэглэсний дараа арьс улайж, загатнах, ихээр гуужих, хорсох шинж тэмдэг илэрвэл хэд хоног хүлээж байгаад дахин бага багаар хэрэглэж арьсаа дасгаарай!)

o  Эхэндээ арьс эмзэгшүүлж, хуурайшуулж болзошгүй тул маш сайн чийгшүүлж, тайвшруулах, төлжүүлэх бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэнэ.

o  Жирэмсэн болон хэт эмзэг, мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхийг хориглоно.

o  Retinol найрлагыг АНА, ВНА, Витамин С, Ethanol найрлагатай хамт хэрэглэж болохгүй. Хүчтэй найрлагууд тул хамт хэрэглэвэл арьсыг улам цочроох аюултай. Хамт хэрэглэж буй бүтээгдэхүүний найрлагад эдгээр найрлагууд байгаа эсэхийг заавал шалгаарай.

o  Та Retinol-оо арьсандаа дасгаж чадсан бол хамгийн гол нь тууштай удаан хугацаагаар хэрэглэх ёстой. Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаагаар хэрэглэж байж нүдэнд үзэгдэх үр дүн илэрч эхэлдэг тул тэвчээртэй байгаарай!

Бусадтай хуваалцах