Хэрхэн гэрийн нөхцөлд арьсны төрлөө тодорхойлох вэ?

1. Өдрийн төгсгөлд ажиглах арга
Энэ нь өөрийн арьсны төрлийг тодорхойлох хамгийн хялбар арга бөгөөд орой нүүрээ цэвэрлэхийн өмнө ажиглалт хийж тодорхойлдог.
Үр дүн:
Арьсны дийлэнх хэсэг тослогтож, гялайсан - Тослог арьс
Хацар хэсэг хуурайшиж, бусад хэсгээр тослогтсон - Холимог арьс
Тослогтох болон хуурайшилтын ямар ч шинж тэмдэггүй - Хэвийн арьс
Арьс таталдаж, бүхэлдээ хуурайшсан - Хуурай арьс
Арьс загатнаж, улайж, үрэвссэн - Эмзэг эсвэл эмзэгшсэн арьс
(Сануулга: Хуурайшсан болон эмзэгшсэн арьс нь арьсны төрөл биш харин арьсны асуудал юм.)
2. Угаах арга
Танд 3 давхаргатай хуурай салфетка болон зөөлөн ph 5.5 угаагч байхад л хангалттай.
· Салфетканы хамгийн нимгэн давхаргыг салгаж, 5 хувааж бэлдэнэ.
· Өглөө угаагчаараа цэвэрлээд, ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр 30 минут хүлээнэ.
· Дараа нь бэлдсэн салфеткаараа Дух, хамар, эрүү, хацар хэсгээр зөөлөн дарж авна.
Үр дүн:
Тослог арьс: Бүх салфетка тостой болсон байна.
Хуурай арьс: Бүх салфетка хуурай бөгөөд арьс таталдсан мэдрэмж төрнө.
Холимог арьс: Хацар хэсэгт дарсан цаас хуурай, бусад нь тостой байна.
Хэвийн арьс: Бүх салфетка хуурай мөн арьс таталдахгүй хэвийн байна.
Эмзэг арьс: Арьс улайх, халуу оргих, загатнах шинж тэмдгүүд илэрнэ.
*Хэрэв идэвхтэй хөдөлгөөн хийх, хүчтэй салхи болон нарны туяанд удаан байх гэх мэт арьс цочроох нөхцөлд өртсөн бол энэхүү арга тохирохгүй байж магадгүй тул арьс харьцангуй тайван хэвийн үед туршиж үзээрэй.