Нийтлэлүүд

Гоо сайхны чиг хандлага, хэмжүүр

Админ2024 оны 10 сарын 31

Гоо сайхны чиг хандлага:

Дэлхийн хаа сайгүй зузаан будалтаас татгалзан байгалийн гоо сайхнаараа гайхуулах нь эрчийг авч байна. Энд өөрийн гэсэн зүйлээс өөр юу ч үгүйгээр дэлхийтэй нүүр тулах зоригтой үйлдлийн тухай яригдах болно. Хэдхэн жилийн өмнө хэн сайн өөгөө нууж, гоёмсог тод будалт хийсэн нь үзэсгэлэнтэй гэж үнэлэгддэг байсан бол одоо орвонгоороо өөрчлөгдөж хүнийг байгаагаараа, дахин давтагдашгүй гэдэг өнцгөөс гоо сайхныг үнэлдэг болсон. Хэрэв өдөр бүр нүүр буддаг хүнд бол энэ хэцүү санагдаж байж болох ч бид бүгдээрээ гоо сайхны тодорхойлолтоо эргэн нэг харах цаг болсон. Учир нь бид нийгмийн хүлээлт, дарамтад хүлэгдсэн байгаа биш гэж үү?

Энэ нь гоо сайхны стандартаа ахин тодорхойлж өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг харуулж байна. Нүүр будалтыг буруу гэсэн үг биш шүү. Бид бүгд гоё будалтад дуртай. Та зүгээр л хүссэн үедээ будаггүй эсвэл давуу талаа хөнгөхөн тодруулаад л бэлэн болох нь ямар амар болохыг төсөөлөөд үз дээ. Хэн ч таныг шүүхгүй гэдэг сайхан сонсогдож байгаа биз. Хэрэв та үүнийг туршиж үзэхийг хүсэж байвал тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Арьсны эрүүл мэнд:

Будалт хийхгүй эсвэл хөнгөхөн будалттай байсан ч үзэсгэлэнтэй харагдах гол суурь нь арьс эрүүл гэрэлтсэн тунгалаг байх шүү дээ. Үүний тулд зөөлөн цэвэрлэгээ, гуужуулалт, чийгшүүлэх, нарнаас хамгаалах зэрэг өөрт тохирсон байнгын арьс арчилгаанд анхаарлаа хандуулаарай.

Дотроосоо витамин, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх нь таны арьсыг байгалийн жамаар хамгийн сайхан харагдуулахад тусална. Сэвх, өө сэв бүр түүх өгүүлдэг гэдгийг ойлгож эдгээрийг нуухын оронд гоо үзэсгэлэнгийн өвөрмөц тал гэж хүлээн зөвшөөрөөрэй.

Арьс цаанаасаа гэрэлтээд байдаг гол нууц нь Чийгшил тул арьсаа тогтмол чийгшүүлж хажуугаар нь хангалттай хэмжээний ус ууж байгаарай.

Эрүүл амьдралын хэв маяг: Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тэнцвэртэй хооллож, хангалттай унтах нь гялалзсан арьсыг бүтээхэд зайлшгүй шаардлагатай. Эрүүл амьдралын хэв маягийн илрэл нь таны царайнд шууд харагддаг. Мөн стресс нь таны арьс болон өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг тул тайван байхад суралцаарай.


"Байгалийн гоо үзэсгэлэн хамгийн үзэсгэлэнтэй дүр төрх юм шүү."

Бусадтай хуваалцах