Нийтлэлүүд

Арьсны улайлт юутай холбоотой вэ?

Админ2024 оны 11 сарын 25

 Арьсны улайлт юутай холбоотой вэ?:

Нүүрний өнгө өөрчлөгдөх нь эрүүл мэндийн байдал, батга, халдвар, харшил зэрэг олон шалтгаантай байдаг. Шалтгаанаас хамааран загатнах, халуу шатах, таталдах зэрэг бусад шинж тэмдгүүд дагалдаж болно. Хамгийн түрүүнд улайлт үүсгээд байгаа шалтгааныг зөв олох нь чухал.

  • Энгийн улайлт: Түгших, ичих, стресстэх, халуун ногоотой хоол идэх, дасгал хийх, температурын өөрчлөлт эсвэл зарим эм зэргээс шалтгаалж нүүр, хүзүү, цээжний дээд хэсэг гэнэт улайх нь арьсны гадаргуу руу цус шахагдаж, цочроох хүчин зүйлтэй тэмцэж байгаа хэлбэр бөгөөд эдгээр нь үргэлж санаа зовох шалтгаан биш бөгөөд хүн бүрд тохиолддог биеийн хариул үйлдэл юм.
  • Rosacea: Үүсэх шалтгаан нь төдийлөн тодорхойгүй бөгөөд халдвар, дархлааны систем зэрэгтэй ихэвчлэн холбодог. Цаг хугацаа өнгөрөхөд улайлт нь илүү тогтвортой, байнгын болдог арьсны өвчин. 30 наснаас хойш илэрдэг бөгөөд цайвар арьстай хүмүүст илүү түгээмэл тохиолддог. Арьсны эмчид үзүүлж оношлуулах бөгөөд эмчилгээ нь эм, түрхлэг, лазер, хүнд тохиолдол бага зэргийн мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

*Rosacea-г өдөөдөг зүйлсийг мэдэхгүй байгаа бол идэж буй хоол хүнсний жагсаалтаа бичээд үзээрэй. Мөн хэдэн долоо хоногийн турш арьс арчилгааны бүтээгдэхүүн, гадны нөлөө таны арьсанд хэрхэн нөлөөлсөн зэргийг дүгнэж, улайлт үүсгэхэд хүргэж болзошгүй зүйлсээс зайлсхийх замаар улайлтыг бууруулж болно.

  • Хялгасан судас тэлэх: Хэрэв та арьсаа нарнаас хамгаалахгүй бол хэт ягаан туяа таны арьсыг гэмтээж, олон жилийн туршид гэмтэл хуримтлагддаг. Мөн хэт хүйтэн температурт арьсаа хамгаалахгүй явах, хөлдөөх зэргээс арьсанд хялгасан судаснууд тэлж, арьсанд улайлт тогтдог. Мэргэжлийн гэрчилгээтэй арьсны эмчээр лазер эмчилгээ хийлгэн улайлтыг бууруулах боломжтой.
  • Эмзэгшил: Хүчтэй үрэлт (Нүүрний хөвөнгөөр хүчтэй арчих, хүчтэй угаах), хүчтэй найрлагуудын тунг хэтрүүлэх эсвэл хавсарч хэрэглэх, хэт хуурайшилт зэргээс арьсны хамгаалах давхарга нимгэрч, арьс улайлттай болж болно. Эмзэгших үед арга хэмжээ авахгүй удвал үрэвсэлтэй, хөндүүртэй том батганууд гардаг. Тиймээс маш сайн чийгшүүлэх, чийгээ түгжих зорилгоор өтгөн бүтэцтэй тос хэрэглэх, нөхөн төлжүүлэх найрлага хэрэглээрэй. Мөн нэлээн хүндэрсэн бол хэсэг хугацаанд гуужуулалтаа зогсоогоод, дээрдэх үед 7 хоногт 1 удаа зөөлөн гуужуулаарай. Эдгээрийн хажуугаар сахар, халуун ногоо, гурилын хэрэглээгээ 7-14 хоног хасахад эдгэрэлтэд маш их тус болдог.

*Эмзэгшил буурахгүй удвал бүтээгдэхүүнд арьсны онцлогт нь таардаггүй найрлага байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй.

Нэмэлт:

  • Арьсанд зөөлнөөр үйлчилдэг бүтээгдэхүүн хэрэглэх
  • Арьсаа нар, салхи, хүйтнээс хамгаалах
  • Арьсыг тайвшруулах, хөргөх найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх
  • Өдөр бүр нарны тос хэрэглэх- Нарнаас хамгаалах тос
  • Арьсандаа зөөлөн хүрч, бүлээн ус ашиглаж цэвэрлэх

Гэрийн нөхцөлд авах арга хэмжээнүүд улайлтыг бууруулахад үр дүнгүй байвал арьсны эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Бусадтай хуваалцах