Анхан шатны арьс арчилгаа:

Арьс арчилгааны олон шат дараалал, яаж хэрэглэх зэрэгт толгой эргэдэг бол
заавал байх хэрэгтэй шатуудыг тайлбарлалаа.
Цэвэрлэгээ:
Цэвэрлэгээг тогтмол зөв хийснээр арьсны ямар нэгэн асуудлаас сэргийлээд зогсохгүй бүтээгдэхүүний үйлчилгээг бүрэн хүлээж авах суурь болдог.
Нүүр цэвэрлэгч сонгох шалгуур:
1) Хэрэв нүүрээ буддаг бол зайлшгүй давхар цэвэрлэгээ хийх бөгөөд энэ нь эхлээд Тосон цэвэрлэгч-ээр будгаа задлаад, дараа нь нүүр угаагч хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм.
*Тосон цэвэрлэгч нь арьсны нүх сүв бөглөдөггүй, өөрт тохирдоггүй тосны төрөл ороогүй байх шаардлагатай. Мөн батга гарах гээд байдаг арьстай бол царцуу биш шингэн хэлбэрийн тосон цэвэрлэгч сонгоорой.*
2) Нүүрээ буддаггүй бол Нүүр угаагч байхад л хангалттай бөгөөд хүчтэй, хорт бодис агуулаагүй, ph 5.5 буюу арьс хуурайшуулж, гэмтээдэггүй зөөлөн бүтэцтэйг сонгож авна.
3) Гуужуулалт бол арьс арчилгаанд 30%-ийн үүрэг гүйцэтгэдэг хэдий ч хүмүүс төдийлөн анхаараад байдаггүй. Гол үүрэг нь арьс барзайх, батга үүсгэж, нүхжилт томрох шалтгааны нэг болох үхэжсэн арьсыг цэвэрлэх юм. Гуужуулагч сонгохдоо арьсыг үрж гэмтээдэг ширхэгтэй гуужуулагчаас зайлсхийх бөгөөд өөрт тохирсон хувьтай химийн гуужуулагч сонгоорой.
*Гуужуулагчийг ихдүүлбэл эмзэгших, багадуулбал батга гарах шалтгаан болдог тул 7 хоногт 1-2 удаа л гуужуулах хамгийн тохирсон хэмжээ шүү.
Чийгшүүлэх, тэжээл өгөх:
Та ямар ч төрлийн арьстай байсан чийгийн хэмжээ буурвал үрчлээтэх, эмзэгших, яваандаа батга гардаг болох, арьс хөгшрөх үндсэн нөхцөл болдог. Чийгшүүлээд, чийгээ барих арчилгааг тогтмол хийх хэрэгтэй. Үүнд:
4) Нүүрээ цэвэрлээд арьсныхаа гүний давхаргыг услахын тулд Тонер хэрэглэх бөгөөд алкахол, хорт бодис агуулаагүй, цэвэрлэх биш чийгшүүлэх зориулалттайг сонгож 2-3 давхар шингээж хэрэглэнэ.
5) Одоо өгсөн чийгээ шөнөдөө ууршуулахгүй барих, арьсандаа тэжээл өгөх зорилгоор өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглэнэ. Хуурай арьстай бол тослогийн агууламж(oil) ихтэйг, тослог арьстай бол тослогийн агууламж(oil) багатай тос, эсвэл огт агуулаагүй гель хэлбэрийн тос хэрэглэнэ. /Хэт зузаан түрхэх шаардлагагүй/
Хамгаалах:
Нарны тос хэрэглэх нь нөсөө толбо үүсэх, нүхжилттэй болох, арьс эмзэгших эрсдэлээс хамгаалж, залуу төрхөө удаан хадгалахад тусална.
-Арьс нь асуудалгүй хэвийн бол химикал төрлийн нарны тос
- Сэвх, батга үүссэн, эмзэг арьстай мөн бага насны хүүхдэд физикал, холимог төрлийн нарны тос сонгож 3-4 цаг тутамд сэргээж хэрэглэнэ.
*Хүнд зөвхөн өөрийнх нь арьсанд таардаггүй найрлага гэж байдаг тул тэр найрлагаа мэдэж авчихвал бүтээгдэхүүн сонгоход хялбар байдаг шүү.
*Эсэнсс / Серум / Ампул - Энэ шат нь эмчилгээний шат бөгөөд асуудал үүсээгүй арьсанд хэрэглэх шаардлагагүй. Харин хуурайшилт ихсэх, батга, хялгасан үрчлээ, сэвх, арьс сулрах зэрэг арьсны ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд тохирох үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг тонерийн дараа, чийгшүүлэх тосны өмнө хэрэглэнэ.